Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (БАЯН УУЛ)

 ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (БАЯН УУЛ, ХАЙГУУЛЧИН №48-д)

С.Мөнхбадрах, munkh@munkhiinvolcan.mn
Мөнхийн Вулкан компани, www.munkhiinvolcan.mn
 
Удиртгал. Геофизикийн цахилгаан хайгуулын ZONGE үйлдвэрийнбагажтай болсоноор түүнийг өөрийн мэргэжил болох ашигт малтмалын хайгуулд, тэрчилэн тандан судалгаа, эрлийн зориулалтаар ашиглан мэргэжил нэгтнүүддээ геологийн үндэслэлтэй, цаашлаад тухайн хуримтлалын үүсэл гарвал нь үнэртсэн мэдээллийг үнэн зөв, нягт нямбай, цэгцтэйгээр хүргэхээр зорисноор дараалаад өнөөдөр цахилгаан хайгуулын, соронзон-теллурийн гүйдлийн, соронзонгийн зэрэг багажийг цогцоор хэрэглэн үр дүнг нэгтгэн ашигт малтмал, түүний хуримтлалын ба байршилын зүй тогтолыг оновчтойгоор тогтоон хэлэхэд чиглүүлэн, хичээнгүйлэн ажилласаар байна.
*Энэ үүднээс тандан судалгаа, эрэл-хайгуулын ажлын үед Геофизикийн аргуудыг хослуулан хэрэглэх явцад тухайн геологийн объектын илэрхийлэл болсон физик орнуудын тухайд өөрийн ажигласан, батлагдсан ба бусад холбогдох мэдээллийг салбарынхантайгаа хуваалцах, цаашдын нөр их ажилд нь нэмэр, санаа өгөх болов уу хэмээгээд дээрхи ерөнхий нэршил бүхий доорхи өгүүлэмжээр эхлэлээ тавьж байгааг маань ойлгоно уу.
 
Оршил. Бид цахилгаан хайгуулын олон үйлдэлт GDP-32" багажийн бүхий л чадамжуудыг ашиглан, Тухайлбал:
            - цагийн болоод давтамжийн тохируулгат өдөөгдсөн туйлшралын (TDIP, FDIP, CR)аргуудаарталбайн болоод зүсэлтийн (1000м хүртэл) ажлуудыг (PDIP, DDIP, Wenner, Schlumberger);  
         - соронзон-теллурийн дуу авианы цогц үүсгүүрийн (CSAMT)антены (ANT-6)тусламжтайгаар чулуулгийн (дэлхийн дулааны, нүүрс-устөрөгчит нэгдлүүд, нүүрс, ус гэхчилэн)эсэргүүцлийг  2км хүртэлх гүнд;
            - протоны магнитометрээр (GSM-19T v7.0)чулуулаг бүрхүүлийн хэвийн болоод үүсгэмэл цахилгаан-соронзон орныг
тус тус хэмжиснээр бусад аргуудтайгаа үр дүнг нь хослуулан үзэж тухайн ашигт малтмалын хуримтлал, геологийн бусад структурийг үнэнд ойрхон  тусах хэмжээнд бэлтгэн өгч байна. Түүнчлэн зүсэлтүүдийн анхдагч ба бодогдсон хэмжилтүүдийн дүнгээр тус бүрд нь 3 хэмжээст зургуудыг үүсгэх, цахилгаан хайгуулын ажлын талбай болон зүсэлт бүр дээр цахилгаан дамжуулалттай ба дамжуулалтгүй үед магнитометрийн хэмжилтийг гүйцэтгэн ялгааг тодорхойлох гэхчилэнгээр, ашигт хуримтлалыг илэрхийлэхүйц физик шинжийг нь олох туйлын зорилготойгоор бүхий л ажилдаа геологч сэтгэлгээгээр ханддаг. 
Түүхэн товчоо. Өгүүлэмжийн объект маань Улаанбаатар хотоос БУ 290км зайд Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдыг дамнан орших бөгөөд 1971 онд М1:200000 геологийн зураглал, 1983 онд М1:50000 эрэл–зураглал тус тус хийгдсэнээр Баян уулын Cu-Mo, Тарганы толгодын Au-Cu, Үнэгтийн Cu зэрэг илрэл, эрдэсжисэн цэгүүд илрүүлэгдэн тодорхой дэс дараалалтайгаар судлагдах үндэс тавигджээ. Ингээд мөн ондоо 20 гаруй тооны босоо өрөмдлөгийг 300м хүртэлх гүнд хийснээр зарим нэгэн үр дүнд хүрч, цаашдын ажлын чиглэл ба гарал үүслийн загварыг санал болгосоноор дуусгавар болжээ.
2005 онд Айвенхоу Майнз (3618Х дугаартай Үнэгтийн талбайд төвлөсөн 7225Х, 7466Х, 8440Х ба 8441Х) компани хайгуулын талбайнхаа хэмжээнд ажил хийхдээ чулуун ба хөрсний геохимийн дээжлэлт, соронзон хайгуулын ажлыг хийсэн байна.
2010 онд “Юниверсал Минералз” компани эл 15446Х талбайд “Миллениум Сторм” компаний захиалгаар М1:10000 геологийн зураглал–эрлийн ажлыг геофизик, геохими, топогеодезитэй хавсруулан хийснээр ихээхэн гүнтэй 16ш (Баян уулд 11ш, Тарганы толгодод 5ш) алмазан өрөмдлөгийг гүйцэтгэжээ.
2011 онд манай Мөнхийн Вулкан компани “Миллениум Сторм” компаний захиалгаар урьд жилүүдэд гүйцэтгээгүй, анхаарлын гадна үлдсэн ЗХ чиглэлтэй Улаан Дэлийн, БХ чиглэлтэй Бандын Уулын хагарлын бүсүүдийн огтлолцол бүхий сэвсгэр хурдсаар хучигдсан хөндий голлосон орон зайд цахилгаан ба соронзон хайгуул, түүнчлэн тус орон зай болон өмнөх жилүүдэд хийгдсэн талбарууд дахь ашигт хуримтлал байж болохуйц орон зай, дутуу судалсан байж болох бүтэц, гүний гажлуудыг илрүүлэн цаашид өрөмдлөг хийхэд туслах зорилгоор 1000м хүртэлх гүнтэйгээр цахилгаан зүсэлтийн ажлуудыг хийсэн билээ.
Доор өгүүлэх баримт, баримтад тулгуурласан зохиомж, дүгнэлтүүд маань захиалагчийн ажлын нууцлалтай холбоогүй бөгөөд харин ч цаашдын судалгаанд нь нэмэр болохуйц санааг оруулахаар зогсохгүй, өөр бусад геологчдын бодлыг нэмэрлэх, хөрөнгө оруулах сонирхолтойд нь анхаарлаа хандуулах орон зай-талбаруудыг геологчийн хувьд илэрхийлье хэмээсэн утгатайг зөвөөр хүлээн авна уу.
 
Геологийн тогтоц. Г.Бадарч нарын “ТЕРРЭЙН” ангиллаар тус талбай орших нутаг нь Хангай-Хэнтийн девон-карбоны үеийн турбидит бассейний дунд хэсэгт оршихдоо Адаацагийн акрецийн шаантаг болон Дунд Говийн вулкан-плутон бүслүүрийг үүсгэсэн тектоник хүчний нөлөөлөлд автсанаар өнөөгийн бидний харж буй эх газрын рифтийн шатад буй болсон вулкан-плутон цогцод хамаарна. Эл вулкан-плутон цогц нь Тарганы толгод, Баян уулын хэсгээр байршин талбайн ~30% эзлэх андезит, андезит-базальт, тэдгээрийн туфууд, ховроор салаавчлан орших лаав-брекчийн үелэлүүд, туф-элсэн чулуу ба туф-конгломератын үе линзүүд нь дийлэнхидээ, багаар хожуу Триас-түрүү Юрийн 10-100м диаметртэй дайк, силл, багавтар шток маягтай диорит, монцонит, монцодиорит, сиенит, гранодиорит, лейкогранитын интрузүүдээр илэрхийлэгддэг.
Үе, үеийн хайгуулчдын сонирхол татаж буй хүдэржилтийн төрөл нь тусхүү вулкан-плутон цогцод орших Баян уулын порфирийн төрхт интрузитэй холбоотой (урьдын судлаачдынхаар диатрем брекчийн хоолойт) болон Тарганы толгодын судлуудын шугаман бүс буюу цэцэг хэлбэрт структуруудэд төвлөрсөн алт-зэсийн эрдэсжилт юм. Үүнээс Баян уулын эрдэсжилт нь хүчтэйгээс сул илэрсэн, пиритээр баялаг кварц-серицитийн, кварц-турмалины, профилитийн, калийн зэрэг порфирийн төрлийн шугаман хэлбэрийн хувирлын бүсүүдээр илэрхийлэгдэж буй порфирийн гаралт “lithocap” болно.
Объектын хэмжээнд томруунаар ажиглагдаж, тодорхой нэршил олсон ЗХ, БХ болон өргөргийн чиглэлт хэвийн ба хөнтрүү маягийн хагарлуудын систем байдгийн том нь Баян уулын ба Тарганы толгодын элэгдлийн түвшин, эрдэсжилтийн төрхөөр ялгагдах вулкан-плутон структур бүхий эрлийн талбайнуудыг заагласан зүүн хойш чиглэлт Улаан Дэлийн гүний хагарлын бүс байдаг (зураг.1). Энэ ч утгаараа уг чиглэлийн өөр хоорондоо зэрэгцээ байрших хагарал эвдрэлүүд нь голлох хүдэржилтийг хянан тээвэрлэгч-задлагч болсон байх ч БХ чиглэлт 2-р, өргөргийн чиглэлт 3-р шатны эвдрэлүүдэд хүдэржилт оршиж байх регионал ба локал шинжүүд байгааг доор үзүүлэх геофизикийн ажлын дүнгийн зураг, тэдгээрийн тайлал харуулж байна.
 
Геофизикийн ажил. Манай компаниас Баян уулын алт-зэсийн порфирийн системийн тодорхой хэсгүүдэд цахилгаан ба соронзон хайгуулын ажлыг гүйцэтгэх үед зургуудад (зураг.1) үзүүлсэнчилэн хагарал, ан цавуудын бүс болон шилжилтийн чиглэлүүд илэрсэн бөгөөд энэ нь чухамхүү хүдэржилтийг бүрэлдэн байх тэр мөчид буй болсон ЗХ чиглэлт УЛААН ДЭЛ гүний хагарал бүгдийг сарниулсан байх нөхцөлийг илэрхийлж болох юм гэж үзлээ. Өөрөөр хэлбэл энэ бодол маань газар дээрхи чулуулаг, тэдгээрийн хувирал өөрчлөлт, хэд хэдэн шаталбарын турмалинжилт, брекчижилт болоод ашигт малтмалын тархалт, байршлын зүй тогтолоор баталгаажиж байгаагаас цахилгаан зүсэлтүүдийн чиглэлийг ЗХ чиглэлд хандуулан алхамыг 50, 100, 150, 300м -ээр хийсэн болно.
Геофизикийн ажлуудын дүнгээр Баян уулын өмнөд, баруун өмнөд дэх туйлшралын өндөр, эсэргүүцлийн багассан утгуудад цахиур оройвчуудтай, хүчтэйгээр шаваржих хувиралд өртсөн вулканитууд харгалзаж байсны зэргэмжээгээр сарнимал пиритжилт ихтэй, багаар халькопирит бүхий граносиенит, сиенитийн биетүүд байлаа.
Туйлшралын дундаж, эсэргүүцлийн өндөрссөн утгууд нь кварц-турмалины найрлагатай бөгөөд сарнимал сульфидүүдийн агууламж бүхий метасоматитууд болон граносиенит, монцогранитын хагарлаар хянагдсан порфирлог төрхт бага хэмжээний биетүүдийг төлөөлж байв.
Улаан дэлийн хагарлын хойдтой орших Протерозойн ногоон занарууд нь их хэмжээний туйлшрал, бага эсэргүүцлийн хослолоор ялгарч байгаа нь анх үүсэх үеэсээ л тунадас байдлаар пирит мэтийн ширхэгүүдийг агуулсан байх хэмээн тооцсон. Баян уулын системийн тухайд хүдэржилттэй орон зай, цаг хугацааны холбоотой интруз нь шүлтлэгдүү найрлагын гранитоидууд (тухайлбал граносиенит, порфирлог төрхт монцогранит) байх ба эдгээр нь эсэргүүцлийн болоод зэргэмжээ байрших соронзонгийн өндөрссөн утгуудаар гэрчилэгдэнэ.
Төлөөлөл болгож буй BLINE001_DDIP150 нэршилт цахилгаан зүсэлтэд (зураг.2) ЗХ -оос БУ чиглэлд ташиж налсан физик-оронгууд ажиглагдаж байгаа нь зураг.1 -д харуулсанчилан УЛААН ДЭЛ гүний хагарлын шилжилтийн төрх гүндээ ч батлагдахыг харж болох юм. Басхүү зураг.2 -д буй гүний налуу (BDH012) цооногийн 5-120м (115м үргэлжилсэн)интервалд огтлогдсон зэсийн исэлдлийн бүс нь алтны хувьд боломжийн агуулга (хорт хольц бараг үгүй тул) өгсөнөөс гадна 255м –ээс эхэлсэн монцодиорит порфирийн 370м үргэлжилсэн биет нь ташуу байрлалтай бөгөөд дээд ба доод хэсэгтээ хоёрдогч биотитын хүчтэй хувирал бүхийгээс гадна сульфидүүдийг харьцангуй ихээр агуулсан, бусад нэвтэрсэн чулуулагт нь порфирийн хүдэржилтийн үндсэн шинж болох хувирлууд эрчим багатай ч бүгд илэрч байсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Доор үзүүлэх фото зургуудаар Баян уулын системд хэд хэдэн шатлалтай нэвчилт, шилжилт-хөдөлгөөн, удаа дараагийн дэлбэрэлт (зураг.3, 4) болсоныг харуулж байна. Харин зураг.3 -ийн баруун гар талд үзүүлсэн Баян уул болон Гурван овоогийн уулсын байрших төрх нь урагш 200 - 300 налуутайгаар тохрон байршсан бүтцийг илэрхийлж байгаа нь ч гүний өрөмдлөгийн явцаар баталгааждаг. Учир юу гэвээс гадаргууд илэрсэн хүдэржилтийг огтлохоор өрөмдсөн цооног нь 50-100м -ээс хэвийн боржинлогт хүрч цааш үргэлжилж байсныг нилээдгүй цооногийн зүсэлт гэрчилнэ.
Ингээд зураг.4 -өөр тухайн цагт Айвенхоу Майнз компанийн хайгуул эрхэлсэн захирал D.J.Kirwin Баян уулын порфирийн системийн хөгжил, хөдөлгөөнийг өнөө харагдах "уусмалын чиглэгдсэн текстур, кварц-турмалины брекчиүд" -ээр хэрхэн төсөөлж, шинжлэх ухаанчаар энгийн байдлаар үзүүлсэнийг харуулаад уул БАЯН УУЛ сэдэвт тэмдэглэлийг дуусгая. 

 

Цаашдын судалгаанд эсэргүүцлийн өндөр (1500ом.м<), туйлшралын дундаж (8-11мВ/В), соронзонгийн (57800-57900нТ) гажлуудад анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээгээр Баян уул талын БХ чиглэлт гудмыг, Улаан дэл хагарлын бүсийн төв дэх онгойж-суусан (pull-apart basin) хөндийг, Тарганы хэсгийн Хүрэн толгод дахь дацит төвт бага цагариг структур (зураг.1) зэргийг сонирхох нь зүйтэй болов уу.

Ашигласан материал:

Мөнхийн Вулкан ХХК, 2011 Үнэгтийн овоо талбайд хийж гүйцэтгэсэн геофизикийн судалгааны ажил

Мөнхийн Вулкан ХХК, 2011 Гурван овоо талбайд хийж гүйцэтгэсэн геологи-геофизикийн ажил

Universal Minerals LLC, 2010 Progress report on Bayan Uul copper-gold project Mongolia

Kirwin.D.J, 2005 Overpressured Volatiles and Fluids in intrusion-hosted mineral deposits

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү