Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
ДУУ ХУУР, ИНЭЭД ЦАЛГИСАН ГЕОЛОГЧИДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН - 2013

Уул Уурхайн яамны мэдээллийн сайтаас дараах линкээр (http://www.mm.gov.mn/mn/news-2/322-duu-khuur-ineed-tsalgisan-geologichdijn-azhil-mergezhlijn-uraldaan.html) холбогдон авч зарим нэгэн нэмэлт орууллаа.

Улс эх орныхоо үүцийг задалж, эрдэнэсийн санг арвижуулагч гавьяатнууд бол яахын аргагүй геологичид. Цаг наргүй их хөдөлмөрт хөлсөө дуслуулан байж ажиллахдаа  ганцхан судалгаанд 10 жил зарцуулах нь энүүхэнд. Жилийн гурван улиралд хээрээр гэр хийж, уул хадаар хэсэн, унтах амрахаа умартан явахдаа хэн нэгний хэрэггүй хэмээн өшиглөөд л хаячихдаг ширхэг чулуу бүрийг нандигнан хайрлана. Өргөн уудам тал нутагтай ч хүн ам цөөтэй, хоёр их гүрний дунд хавчуулагдан, хатуухан хэлэхэд бараг анзаарагдамгүй шахам орших манайх шиг улсыг дэлхий нийт сүүлийн үед ашигт малтмалын арвин их нөөцтэйгөөр нь олзуурхаж “нүд” унагах болсон. Хөгжлийнхөө гарцыг уул уурхай хэмээн тодорхойлох төр засгийн удирдлагууд тэрхүү баялгийг нээн илрүүлж, олж тогтоосон геологчидоо бараг мартчихсан байсан гээд хэлчихэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй болов уу. Харин үүнд нь геологчид тунирхаж зүгээр суусангүй харин ч өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо нэгтгэж, хийсэн бүтээснээ хэлэлцэж, ирээдүй хойчоо сургаж буй. Энэ цаг үед шинэчлэлийн Засгийн газар эрдэс баялагийн салбартаа ихээхэн ач холбогдол өгч өөриймсөг хандах болсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.

Монгол Улсын хөгжлийн гарц, нөөц боломжийг бий болгож буй эрдэнэсийн эрэлчид болох геологчид маань 2013 оны 8 сарын 26-29 өдрүүдэд Улаанбаатар хотоос баруун тийш  310 км-т орших  ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнайн дүүрэг  (Элсэн тасархай) дэх геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд Геологичдийн ажил мэргэжлийн уралдаанаа амжилттай явууллаа. Соц нийгмийн үед хэвшил болж байсан уг тэмцээн сүүлийн жилүүдэд тасраад байсан бөгөөд Геологийн судалгааны төв (ТӨҮГ) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан болж өнгөрлөө. Энэхүү ажил мэргэжлийн уралдааныг УУЯ, АМГ, МГХ, МҮГХ, МӨХ, МГФХ нар хамтран зохион байгуулсан бөгөөд Ерөнхий зохион байгуулагч, шүүгчээр УУЯ-ны ХШҮДАГ-ын дарга Д.Жавхланболд ажиллалаа.

15 компанийн 29 баг, 200 орчим оролцогчидтойгоор болж өрнөсөн уралдаан геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн гурван төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Энэ удаагийн Геологчидын ажил мэргэжлийн уралдаанд геологийн судалгааны салшгүй нэг хэсэг болсон геофизикийг тэмцээний нэг төрөл болгон оруулсанд геофизикчид ихээхэн сэтгэл хангалуун байсан юм. Тэмцээнд оролцсон багууд кэмпийн зохион байгуулалтанд орж гал болон буудаллаж өөр өөрсдийн компанийн таних тэмдэг лого бүхий хувцсаар ижилсэж бусдаасаа ялгарч байлаа. Багууд наймдугаар сарын 26-ны өдөр Элсэн тасархайд буудаллаад 27-ны өдрийн өглөөний 07.30 цагт үйл ажиллагааг албан ёсоор нээж, 08.00 цагт геологийн зураглал, эрлийн ажлын багууд маршрутын дагуу тэмцээндээ оролцохоор явсан юм.

Геологийн зураглалын төрөлд 14 баг, эрлийн ажилд 12 баг, геофизикийн судалгааны төрөлд 3 баг оролцов. Хэдийгээр цаг агаар тийм ч тааламжгүй салхитай, хуртай байсан ч байгалийн үзэгдлийг бэрхшээл хэмээн үзэхээ больсон геологичдийн хувьд энэ нь төдийлөн саад бус харин ч хувьтай хүн хур борооноор хэмээн билэгшээж байлаа. Өдрийн 15.00 цагаас эхлэн уралдаанд оролцогчид кэмпдээ богц дүүрэн буцан ирж хийсэн ажлаа цагтай уралдан боловсруулж оройн 20.00 цагт материалаа шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, битүүмжилснээр мэргэжлийн ур чадварын уралдаан ерөнхийдөө цэгцэрч цагтай уралдаж алжаасан геологичид сүлд дуугаа дуулж ямар ч дуучныг дагуулахгүй авьяастай, шаггүй бүжигчид гэдгээ харуулсан юм. Наймдугаар сарын 28-ний өдөр тэмцээний шүүгчид багуудын материалтай танилцаж байх хооронд эрдэмтэн докторууд залгамж халаа үедээ үнэтэй сургаалиа хайрлаж, сонирхсон асуултанд нь хариулж, УУЯ-ныхан эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого шийдвэрээ танилцуулж, геологчидын санал хүсэлтийг сонссон чөлөөт ярилцлагын цаг өрнөв.

Хээрийн цай, халуун яриагаар хачир нэмсэн тэмцээний оролцогчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхөөс гадна бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээнээр хүч баяраа сорьсон юм. Хүчит бөхийн барилдаанд 32 “геологич” бөх зодоглож эд бяраа гайхуулснаас “Мөнхийн Вулкан” ХХК-ийн геологч сумын заан С.Галбадрах түрүүлж, “Гео орон” ХХК-ийн геологч сумын заан Ганхуяг үзүүрлэж хурсан олноо баясгалаа.

-Геологийн зураглалын төрөлд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй 14 баг оролцож заасан маршрутын дагуу гүйцэтгэсэн бөгөөд шалгаруулалтыг хээрийн тэмдэглэл хөтлөлт, бичиглэлийн бичсэн байдал, дүгнэлт, зургаар баяжуулсан байдал гэх зэргийг харгалзан доктор Оролмаа (ШУА), доктор Д.Чулуун  (ШУТИС), Болд-Эрдэнэ (МГХ) гэсэн гурван шүүгч 1-10 хүртэл оноогоор дүгнэхэд “Геосан” компанийн геологч Л.Чинтогтох,  Б.Мөнхцэрэн, Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг 8.8 оноогоор бусдыгаа манлайлж тэргүүн байрын эзэд болов. Харин “Алх чулуу” компанийн багийнхан удааллаа.

-Эрлийн ажилд баг тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцож тэмцээнийг сонгосон эрлийн хэсэгт хийсэн бөгөөд эрлийн хэсгийн зураг зохиосон байдал, уулын ажлын баримтжуулалт, сорьцлолт хийсэн байдал, хээрийн тэмдэглэл хөтлөлт гэх зэргийг харгалзан Алтанхуяг (УУЯ), доктор Ухнаа, Дэлгэрсайхан (АМГ) нарын шүүгчид 1-10 хүртэл оноогоор дүгнэхэд “Геосан” компанийн геологч Г.Мөнхзул, М.Батчулуун, Г.Гүнбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг 7.7 оноогоор тэргүүллээ. Харин “Гурван талст” компанийн баг удаалсан юм.
-Геофизикийн ажлыг тэмцээнийг сонгосон эрлийн хэсэгт хийсэн бөгөөд эрлийн хэсэг дээр хийгдсэн ажлуудын (цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлал, босоо цахилгаан бүсчлэл, зохиомол соронзон-теллурийн гүйдлийн эсэргүүцлийн зүсэлт, магнитометрийн болон гравиметрийн) хэмжилт тэдгээрийн  баримтжуулалт, зохиосон зураг, үр дүнг харгалзан МГФХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир, УУЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Н.Баатар нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид 1-10 хүртэл оноогоор дүгнэсэн юм. Уг төрөлд “Мөнхийн Вулкан” компаний С.Мөнхбадрах, С.Галбадрах, Б.Буянхишиг, М.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг тэргүүлж, "Татах хүч" компаний Өнөрбаяр ахлагчтай баг удааллаа.

Мөн ‘’Залуу үе’’- МГФХ-ны шагналаар “Гео орон” ХХК-ийн М.Отгонбаяр, МГХ-ны шагналаар ГСТ-ийн З.Амарсайхан, МҮГХ-ны шагналаар “Хөвсгөл геологи” ХХК-ийн Н.Энхтүвшин нар шагнууллаа. Мэргэшсэн зэргийн сургалтанд хамрагдах эрх бүхий “Дунд үе” шагналаар ГСТ-ийн Д.Бямбасүрэн, Нэргүй, “Алтай нэгдэл” ХХК-ийн Г.Ганцогт нарыг шагнаж урам хайрлав.
Гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эрх бүхий “Ахмад үе” шагналаар “Гео орон” ХХК-ийн Х.Сүхбаатар, Я.Уламсайн, “Алх чулуу” ХХК-ийн Б.Батром нарын ахмад геологчид шалгарсан юм.
УУЯ-ны өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр багийн нийлбэр дүнгээр “Гео сан” ХХК шалгарч, Мэргэшсэн ААНБ-ын гэрчилгээ хүртлээ. Шагналыг УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид гардуулсан юм.

Нартай, хуртай, дуу хууртай өрнөсөн “Геологчидын ажил мэргэжлийн уралдаан” 20 жил уулзаагүй ангийн андуудыг уулзуулж, ахмадуудын ухаарал шингэсэн яриаг сонсох боломжийг залуу үедээ олгож амралт, тэмцээн хоёрыг хослуулан амжилттай болж өндөрлөө.

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү