Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (АДУУНЧУЛУУНЫ НҮҮРС)

ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (АДУУНЧУЛУУНЫ НҮҮРС, ХАЙГУУЛЧИН №49 -д)

С.Мөнхбадрах, munkh@munkhiinvolcan.mn; С.Галбадрах, galaa@munkhiinvolcan.mn

Мөнхийн Вулкан компани, http://www.munkhiinvolcan.mn/

Удиртгал. Геофизикийн цахилгаан хайгуулын ZONGE -ийн багажтай болсоноор түүнийг өөрийн мэргэжил болох ашигт малтмалын хайгуулд, тэрчилэн тандан судалгаа, эрлийн зориулалтаар ашиглан мэргэжил нэгтнүүддээ геологийн үндэслэлтэй, цаашлаад  тухайн хуримтлалын үүсэл гарвал нь үнэртсэн мэдээллийг үнэн зөв, нягт нямбай, цэгцтэйгээр хүргэхээр зорисноор дараалаад өнөөдөр цахилгаан хайгуулын, соронзон-теллурийн гүйдлийн, соронзонгийн зэрэг багажийг цогцоор хэрэглэн үр дүнг нь нэгтгэн ашигт малтмал, түүний хуримтлалын ба байршилын зүй тогтолыг оновчтойгоор тогтоон хэлэхэд чиглүүлэн, хичээнгүйлэн ажилласаар байна.

Оршил. Бид цахилгаан хайгуулын олон үйлдэлт GDP-32" багажийн бүхий л чадамжуудыг ашиглан, Тухайлбал:

             - цагийн болоод давтамжийн тохируулгат өдөөгдсөн туйлшралын (TDIP, FDIP, CR) аргуудаар талбайн болоод зүсэлтийн (1000м хүртэл) ажлуудыг (PDIP, DDIP, Wenner, Schlumberger);

          - соронзон-теллурийн дуу авианы цогц үүсгүүрийн (CSAMT) антены (ANT-6) тусламжтайгаар чулуулгийн (дэлхийн дулааны, нүүрс-устөрөгчит нэгдлүүдийн, нүүрсний, усны гэхчилэн) эсэргүүцлийг 2кмхүртэлх гүнд;

             - протоны магнитометрээр (GSM-19T v7.0) чулуулаг бүрхүүлийн хэвийн болоод үүсгэмэл цахилгаан-соронзон орныг тус тус хэмжиснээр бусад аргуудтайгаа үр дүнг нь хослуулан үзэж тухайн ашигт малтмалын хуримтлал, геологийн бусад структурийг үнэнд ойрхон  тусах хэмжээнд бэлтгэн өгч байна. Түүнчлэн зүсэлтүүдийн анхдагч ба бодогдсон хэмжилтүүдийн дүнгээр тус бүрд нь 3 хэмжээст зургуудыг үүсгэх, цахилгаан хайгуулын ажлын талбай болон зүсэлт бүр дээр цахилгаан дамжуулалттай ба дамжуулалтгүй үед магнитометрийн хэмжилтийг гүйцэтгэн ялгааг тодорхойлох гэхчилэнгээр, ашигт хуримтлалыг илэрхийлэхүйц физик шинжийг нь олох туйлын зорилготойгоор бүхий л ажилдаа геологч сэтгэлгээгээр ханддаг.

Түүхэн товчоо. Өгүүлэмжийн объект маань Чойбалсангаас хойш 8км, Улаанбаатараас зүүнтэй 665км зайд ЗУ -аас БХ чиглэлд сунасан нарийн хөндийрхэг газарт орших бөгөөд 1955 оноос 1966 онуудад далдаар, 1966 оноос өнөөг хүртэл илээр нүүрс олборлон Дорнод аймгийн төвийн дулааны эх үүсвэрийг хангасаар байгаа уурхай болно. Тус ордыг анх 1951-1952 онуудад К.Б.Столбиковын удирдлагаар хийсэн ураны эрдэсжилт судлах ажлын явцад дээрээ 0.093% ураны агууламжтай, 1100 гамма хүртэл цацраг идэвхжилт бүхий нилээд зузаан нүүрсний давхарга байгааг илрүүлсэнээр олжээ. Ингээд цаашид 1962 оноос В.А.Сороко, С.Ф.Дымченко нар тэргүүлэн хайгуул хийж эхэлсэн байна. Мөн 1965 онд В.А.Картавин, В.П.Череповский нар гидрогеологийн судалгаа хийснээр нүүрстэй болон нүүрсний доорхи ус агуулагч давхаргуудын хооронд ямарваа нэгэн холбоо байхгүйгээс гадна нүүрсний доорхи давхаргын ус нь даралттайг илрүүлсэний дараа 1981 онд Я.Бямбадорж нар ямар ч тохиолдолд нүүрсний давхаргад цуурал, нэвчшил зэрэг хүндрэл үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг нэмж өгч байжээ.1988-1989 онуудад Төвийн геологийн экспедицээс эрэл, эрэл-үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг цогцоор гүйцэтгэн ордын хэлбэр хэмжээ, бүтэц, давхрага зүй, нүүрсжилтийн байдал, нүүрсний чанар болоод нөөцийг анх удаагаа бүрэн судалж 1990.01.01 байдлаар 423.8 сая.т үүнээс А+В+С1 зэргээр 241.3 сая.т хэмээн үнэлжээ.2013 онд манай "Мөнхийн Вулкан" ХХК нь "Адуунчулуун" ХК -ийн талаас тавьсан хүсэлтийн дагууд нүүрсний биетийн хил заагийг тодотгох, өмнөх 1988-1989 оны хайгуулын ажлын мэдээллийг нарийвчлах үндсэн зорилготойгоор геологийн үнэлэмжтэй Геофизикийн ажлыг гүйцэтгэв. Доор өгүүлэх баримт, баримтад тулгуурласан зохиомж, дүгнэлтүүд маань ижил төрлийн судалгаа-хайгуул хийж буй мэргэжил нэгтнүүддээ туршлага хуваалцах, санаа нэмэрлэх, тандан судалгааны болоод хайгуулын арга - аргачлалыг сонгохдоо алдаа гаргахгүйгээр ажиллах үйлдлийг өөрийн хийсэн ажиллабараар илэрхийлэх үүднээс ажлын өгүүлэмж хэлбэрээр сийрүүлж байгааг маань, ухаандаа мэдлэгт нь дусал болгоё хэмээсэн утгатайг зөвөөр хүлээн авна уу.

Геологийн тогтоц. Эл хүрэн нүүрсний орд нь Дорнод Монгол дахь Чойбалсангийн хотгорын урд захад "мульд" хэлбэртэйгээр орших ба тэрхүү агуулагч хотгорыг дүүргэгч доод Цэрдийн тунамлын суурь нь Палеозойн гүний болоод хувирмал чулуулгийг зүссэн хожуу Юрийн настай гранитоид ажээ. Адуунчулууны ордыг бүрдүүлэгч доод Цэрдийн тунамал болох Тэвшийн говь свитийн нүүрс агуулагч хурдас нь төв рүүгээ налуу (5-60) уналтай баруун хойш сунасан, 6х7км хэмжээтэй брахисинклинал структур үүсгэн, нүүрсний 2 давхраасаас бүрэлддэг байна. Түүнчлэн нүүрс агуулагч давхраасуудад ажиглагдаж байгаа ерөнхий зүй тогтол нь ордын урдаас - хойш чиглэлд нимгэрч салаалахаас гадна зарим нь гүн рүүгээ шувтарч үгүй болдог аж. Тухайлбал ордын өмнөд хэсэгт, нарийвчилсан хайгуулын талбайн орчимд нүүрсний "доод" давхраас нь гадаргууд ил гарч угаагдсанаар долгиолог гадаргуутай болсоноос гадна дээд Цэрд - Неогений цагаан, цайвар өнгийн элсэрхэг хурдсаар хучигддаг. Тус "доод" давхраас нь одоо ашиглагдаж байгаа, энгийн тогтоцтой, хэвтээ байрлалтай бөгөөд жигүүрүүд дэх унал нь 50 -аас ихгүй, хамгийн бага зузаантай хэсэг нь ордын өмнөдөд орших ч хойш чиглэлд ахихдаа 53.2м хүртэл зузаардаг. Нарийвчилсан хайгуулаар "доод" давхраас нь гадаргуугаас доош 20.5-79.0м гүнтэйгээр, 14.0-53.2м зузаантайгаар орших ба зарим тохиолдолд 0.4-1.4м зузаантай элсэн чулуу, алевритийн линзүүдийг агуулан хар өнгийн нягт аргиллит дээр байрладаг байна. Харин "дээд" давхраас нь "доод" давхраасаасаа дунджаар 57.0м дээр, 0.7-13.5м зузаантайгаар өөр хоорондоо сул цементлэгдсэн элсэн чулууны үеэр зааглагдах ч эрлийн I шугамаас хойш уул давхраас (дээд) нь нимгэрч салаалан үйлдвэрлэлийн ач холбогдолгүй болдог гэсэн баримт, дүгнэлтүүдийг өмнөх судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Геофизикийн ажил. Бидний зүгээс нэн тэргүүнд геологийн тогтоцыг бүрдүүлэгч чулуулгуудаас ордыг илэрхийлэгч нүүрсний давхраас нь хэрхэн ялгагдах, ямар аргаар зураглагдахыг үнэлэх нь чухал байв. Энэ зорилтыг шийдвэрлэхийн тулд цахилгаан хайгуулын аргын 1) цагийн (50% ба 100%) тохируулгат өдөөгдсөн туйлшралын хэмжилтийг хос туйлт шугамчлалаар (TDIP); 2) цагийн тохируулгат эсэргүүцлийн хэмжилтийг хос туйлт шугамчлалаар (RPIP); 3) зохиомол соронзон-теллурийн гүйдлийн цогц үүсгүүрээр эсэргүүцлийн хэмжилтийг (CSAMT) шугамчлалаар тус тус үйлдсэн юм. Эдгээр туршилтын хэмжилтийн дүнгээс үзвээс цахилгааны үүсгүүрийн (TDIP ба RPIP) ажлаар нүүрсний дээр байрших цайвар өнгөт элсэрхэг, хайргархаг хурдас маань туйлшралын 5-10msec, эсэргүүцлийн 10 om*m -ээс илүүтэй нэгжээр ялгарах ч нүүрсний давхраас нь доор байрлах хурдсаасаа бүрэн ялгагдахгүй байлаа. Харин зохиомол соронзон-теллурийн дуу авианы үүсгүүр (CSAMT) нь нүүрсний давхраасыг дээд ба доод хурдсуудаас 1-10 om*m эсэргүүцлийн утгаар бүрэн ялгаж байгаа нь илэрхий болов.

Эдгээрээс гадна эсэргүүцлийн цогц (CR), байгалийн соронзон-теллурийн гүйдлийн үүсгүүрээр (NSAMT) шалгаж болох байсан ч өмнө өгүүлсэн хэмжилтүүдээр үр дүн нь илэрхийлэгдсэн тулр цаашид CSAMT аргыг ашиглан 1 - 8192Гц хүртэлх давтамжуудын тодорхой үелзлэлүүдээр хэмжилтийг хийхээр сонгон ажилласнаар хойно өгүүлэх үр дүнд хүрлээ.

Ийнхүү аргаа сонгосноор 200х50м харьцаагаар буюу өмнөх хайгуулын ажлын торлолыг 2 дахин нягтруулах байдлаар ажиллахаар шийдвэрлэсэн бөгөөд эн түрүүнд ХШ-1 дээр давтан, магадлах зорилгоор нэг шугам, удаахи болон дараа, дараачийнхад нь завсар бүрээр шигтгэн хэмжилтийг үйлдэв. Түүнчлэн захиалагчийн нэмэлт хүсэлтээр ил уурхай доторхи авагдаагүй үеийн зузаан, байрлалыг тодорхойлох болон далд уурхайн олборлолтод автсан ба автаагүй хэсгийн хилийг тогтоохоор зарим хэмжилтийг хийснээр хоосон орон зайг ч, техноген хуримтлалыг ч ялгаж болохыг тодруулж CSAMT аргын чадлыг шалгасан юм.

Доор үзүүлэх зүсэлтээр өрмөөр тогтоосон болон CSAMT аргын эсэргүүцлээр ялгарсан нүүрсний давхраасын хэлбэр, зузааны зөрүүг харуулж байна. Бид Адуунчулууны нүүрсний ордын ажилласан хэсэгтээ CSAMT аргынхаа эсэргүүцлийн зүсэлтийн тусламжтайгаар нүүрсний давхраасын хил зааг, морфологи, байрлалын нөхцөл, нүүрсгүй хэсэг болон зузаан зэрэг геологийн нөхцөлүүдийг зураглан нөөцийг тооцоолж өмнө хийгдсэн хайгуулынхтай уялдуулан үзэхэд багаахан л зөрүү гарсаныг тэмдэглэж байна.

Дүгнэлт. Адуунчулууны ил уурхайн хэмжээнд томруун ажиглагдах бөгөөд доор үзүүлэх зургаар илэрхийлэгдэх орд бүрэлдсэний дараах блоклог тектоник эсвэл эрт цагийн усны элээх үйл ажиллагаанд өртсөн өөр хоорондоо  4-5м зөрөөтэй тасалдсан давхаргууд нилээдтэйг CSAMT зүсэлт маань ч давхар харуулж байгаа. Мөн ордын хилийг CSAMT арга зөв зурагласныг баруун гар талд дүрслэгдсэн суулт-гулсалт мөн адилаар үзүүлдэг. Энэ бүгдийн эцэст өгүүлэхэд эрхэм геологчид, геофизикчид маань ямарваа нэгэн геологийн болоод ашигт малтмал бүхий биетийг илрүүлэх, зураглахын тулд мөн чанараа илэрхийлэх физик шинжийг нь юуны өмнө олж тогтоох шаардлагатайг бидний судалгаа илэрхийлж байна.  

 

Энэ ажлын үндсэн дээр урьдчилсан байдлаар өгүүлэхэд ямарваа нэгэн тунамал гарал үүсэлтэй ашигт малтмалын судалгаа - эрэл - хайгуулын ажилд геологийн тогтоцыг нь бүрдүүлэгч чулуулгийг эсэргүүцлээр нь ялгахыг чухалчлах нь зүйтэй гэдэг нь илэрхий.

Нөгөөтэйгүүр цахилгааны үүсгүүр бүхий бөгөөд давтамжийн "ганц" л сонголт бүхий диполь-диполь, поле-диполь ч гэх юм уу аргууд учир дутагдалтай нь харагдлаа.

Эдгээрийн төгсгөлд олон давтамжийн чадвартай, үелзлэлүүдээ сонгон авах боломжтой CSAMT арга үр дүнтэй байгааг хэлье.

Ашигласан материал:

1. Б.Чулуун, Г.Баатар, 1990 Адуунчулууны хүрэн нүүрсний ордод явуулсан Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлан

2. Мөнхийн Вулкан ХХК, 2013 Адуунчулууны нүүрсний уурхайн талбайд гүйцэтгэсэн геофизикийн ажлын тайлан

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү